түүхэнд тод мөртэй Төмөрбулагчууд

Эрчимийн хөндлөн хөх нуруунд нар мандахыг харах шиг сайхан зүйл энэ ертөнцөд үгүй гэж би хаана ч бардамхан хэлнэ. Битүү ногоон хөвчид хөнжилрөн хургасан хөлгүй цагаан манан нойрмогдуу балчир адил тунирхангуй өндийж, хөвөн цагаан үүлстэй зүс зүг ижилсэн нүүдэллэж, нарны шаргал туяагаар гоёсон уулсын цац их орой сүм дуганы алтан ганжир лугаа гялалзана. Түргэн урсгалт уулын голын боргио харгиа чих баясган,  чимээч шувуудын жиргээ  шагшраатай хоршин найрсаж, өнгө алаг цэцэгс дээр тогтон ядахшүүдэр сувдан дуслууд өглөө тунгалаг нарны цацрагтай хослон эрдэнэсийн хивс мэт тунарна. Яг л эндээс тэнгэрт ойрхон ургадаг цэцэгсийн эх орон, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын нутаг эхэлдэг.1925 онд байгуулагдсан Төмөрбулаг сум өнгөрсөн долдугаар сард  түүхт 90 жилийнхээ ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлжээ. Нутгийн зон олон баяр наадамдаа бэлтгэж, 90 жилийн ойгоо 90 бүтээлч ажлаар угтахаар төлөвлөн сургууль, цэцэрлэг, соёлын төв, гудамж талбайнхаа  өнгө төрхийг шинэчилж, хүн бүр энэ ажилд гар, бие оролцжээ.“Түүхийг ард түмэн амьдрал тэмцэл, алдаа оноо, ажил хөдөлмөрөөрөө бүтээдэг. Тиймээс Төмөрбулаг сумын 90 жил бол энэ нутгийн ард түмний амьдрал, жаргал зовлон хоёртой салшгүй холбоотой юм аа” хэмээн тус сумын Засаг дарга Бат-Очирын Ганзориг өгүүлж байсан. Тиймээс ч 90 жилийнхээ ойд зориулсан номыг “Түүх бүтээсэн он жилүүд” хэмээн нэрлэжээ.
БААТРУУДЫН ӨЛГИЙ НУТАГ
Төмөрбулаг бол баатруудын өлгий нутаг. Тэртээ 1750-иад онд толгойтой бүхэн Манжийн хааны өмнө мэхийж, тойгтой болгон өвдөг сөхөрч байсан цагт Монголчуудын эв нэгдэл, эрх чөлөөний төлөө эрслэн боссон Хотгойдын шадар ван Чингүнжав улаан голоо тасартал, эцсийн амьсгалаа хураатал харийн түрэмгийллийг эсэргүүцэн тэмцсэн. Шадар вангийн цэргүүдийг хиар цохиж, Чингүнжавыг 81 зоосны нүхээр сүвлэн амийг нь хөнөөж, хоёр хүүтэй нь хамт цаазалсан Манжийн хаан хотгойд түмний эсэргүүцэл, тэмцлээс айсандаа Чингүнжавын албатыг таван хэсэг хуваасан гэдэг. Энэ л таван хошууны хоёр нь болох  Далай гүний хошуу, Мэргэн гүний хошуу бол  өдгөөгийн Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сум билээ. Эрх чөлөөнийхөө төлөө тэмцсэнийхээ шанд асар их дарамт шахалт, алба гувчуур зовлон зүдгүүрт  нухчуулан зовсон хотгойдууд 
Тэр уулын оройд мандсан чиг нараа
Тэр бүгдийг тэргүүлсэн Шадар жанжин хөөрхий
Гунан зээрд морио унасан чиг болоосой
Гурван түмэн цэргээ дагуулсан чиг болоосой... гэсэн гуниг харуусал нэвт шингэсэн дуугаа зуун зуун дамжуулан, зүрхнээсээ зүрхэнд дуулсаар өдий хүрчээ.