Ардын засгийн үеийн Төмөрбулаг сум

Үндэсний эрх чөлөөний хувьсгал гарч, 1921 онд Ардын хувьсгал ялснаар
Монголчууд олон зуун жилийн дарлал мөлжлөгөөс салж, шинэ амьдралтай
золгож, Монголын нийгэм тэр чигээрээ өөрчлөгдөн шинэчлэгдсэн.
Энэхүү түүхэн өөрчлөлт, шинэчлэлт Хотогойдын хошуудыг тойрсонгүй,
дайрч гарсан юм. Өнөөгийн Төмөрбулаг сумын нутаг дэвсгэр болох Засагт
хан аймгийн Далай гүний хошуу, Мэргэн гүний хошуу нь 1918 оны тоо
бүртгэлийн мэдээнд дараах байдлаар бүртгэгджээ.
Далай гүний хошуу нь өрх 654, эрчүүд хөвгүүд 1848 (үүнээс тайж 54,
хамжлага ард 208, лам банди 735, чөлөөт ард 128), эмс охид 1689 бүгд хүн
ам 3537 байжээ.